АйДэйм ХХК нь “UnionTheme” “Themewaves” нэрээр дэлхийн хамгийн том, хамгийн өндөр шалгууртай веб дизайны онлайн зах болох THEMEFOREST.NET-д өөрсдийн веб дизайнаа хөгжүүлэн олон улсад экспортолж байна. Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо болон Сангийн яамны дэргэдэх экспортыг дэмжих төслийнхөн хамтран Мэдээлэл технологийн үндэсний паркад дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий вэб бүтээх сургалтыг 15 хоногийн турш зохион байгуулахаар болсон байна. Энэхүү сургалтад таван компанийн нийт 10 залуучууд оролцож байна. Тухайн сургалтыг зохион байгуулж буй залуучууд нь олон улсын дэймийн зах зээлд олон жил ажилсан туршлагатай залуучууд байгаа юм. Эдгээр залуус өнгөрсөн хугацаанд дэлхийн зах зээлд 500 мянган долларын борлуулалт хийсэн байдаг. Монгол хүний хийсэн програм тун удахгүй дэлхийн зах зээл дээр маш олон төрлөөр зарагддаг экспортын шинэ гарцыг нээнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн албаны хүн онцолж байв. Энэ удаагийн сургалт нь олон улсын технологи, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдээлэл технологийн үйлчилгээ хөгжүүлэх ур чадвар эзэмшүүлэх, энэ салбарын үйлчилгээг экспортлоход дэмжлэг үзүүлэх зорилготой аж.
ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН БИЗНЕС ХӨГЖЛИЙН ШИНЖЭЭЧ О.БАТХИШИГ:
-Манай төсөл сангийн яам болон дэлхийн банк хамтарч хэрэгжүүлдэг экспортыг дэмжих төсөл юм. Монгол улсын уул уурхайн бус салбарын жижиг дунд үйлдвэр бүтээгдэхүүнээ экспортод гаргахад нь тэдний чадварыг бэхжүүлж, санхүүгийн дэмжлэг олгодог. Нэг аж ахуйн нэгж 100 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг авах боломжтой байгаа. Одоогийн байдлаар манай төсөлд 160 гаруй аж ахуйн нэгж сонирхлоо илэрхийлсэн байна. Тэдгээрээс 50 гаруй аж ахуйн нэгж 175 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг манайхаас авчихсан байгаа. Энэ төсөл манай өөр бүлэг буюу сургалт судалгааны хүрээнд хийгдэж байгаа. Сургалт судалгааны бүрэлдэхүүн хэсэг гэдэг нь хувийн аж ахуйн нэгжүүд хүсэлт гаргаад ямар сургалт авах хүсэлт байна тэрэнд нь зориулж санхүүжилт олгодог юм. Өнөөдрийн сургалтыг манай төслөөс бүрэн санхүүжүүлсэн байгаа.
Эх сурвалж: news.mn